Thursday, April 11, 2013

Хэрхэн мөрөөдөлдөө хүрэх вэ?




                              Чухамдаа мөрөөдөл гэж юу вэ? 

“Миний мөрөөдөл хором бүрт, агшин бүрт, өдөр болгон, миний амьдралын бүхийл цаг хугацааны турш биелж, биелсээр ирсэн. Энэ бол агаар, хүчилтөрөгч юм. Амьд байх нь л миний мөрөөдөл. Өөр юу хүсэх гэж.”

“Хүний мөрөөдөл бүхэн агуу байх албагүй. Хамгийн энгийн зүйлээс л хүний мөрөөдөл эхлэнэ шүү дээ. Цаг хугацаа, хором мөч бүхнийг үр бүтээлтэй байлгаж чадах юм бол тэр чинь агуу мөрөөдөл, амжилт шүү дээ. Би бүгдийг ийм байгаасай гэж хүсдэг. Хүсэл маань ч гэсэн мөрөөдөл шүү дээ.”
“Би одоо эзэмшиж буй мэргэжилдээ хамгийн мундаг нь болоод үеийн үед дуурсагдсаар ирсэн суутнууд шиг л болохыг хүсдэг. Энэ бол миний хүрч чадахгүй ч гэсэн эрмэлзэх цор ганц хүсэл, мөрөөдөл байх болно. Гагцхүү миний мэрийлт энэ бүхэнд хүрэх, эс хүрэхийг шийднэ.”
“Багадаа би том болохыг мөрөөддөг байлаа. Том болохын хэрээр мөрөөдлийн маань цар хүрээ хумигдаж агуу зүйл хүсэхээ больсоон. Одоо миний хувьд энэ нийгэмдээ хэрэгтэй нэг зүйл санаачлаад, түүнийгээ ажил хэрэг болгож л чадах нь өмнөө тавьсан зорилт, бас мөрөөдөл гэж хэлж болно.”

“Би их азтай хүн л дээ. Амьдрал надад их боломж олгосон. Олгосон боломж бүрийг шүүрч авч чадаагүй ч гэсэн хангалттай олон боломжоо ашигласан. Одоо хүсээд байх зүйл алга. Бүх л зүйл байна. Харин хүсэх зүйл ганц л байна ...”

“Хэ хэ хүний мөрөөдөл олон шүү дээ. Чи боддоо зарим хүмүүс зорилго, мөрөөдөл хоёрыг хоёр өөр зүйл болгож ярих гээд байдаг. Үнэндээ нэг нэгнээсээ урган гарч байгаа л зүйл шүү дээ. Зарим нь их зүйлийн төлөө зорьж, тэмүүлж байхад, зарим нь хэний ч санаанд оромгүй тийм энгийн зүйл хүсдэг шүү дээ. Яахав, элсэн цөлд ам цангахад усыг л хүсэж мөрөөдөнө шүү дээ. Яг үүн шиг л ойрын, холын гэсэн хоёр үзүүр бий нь бий л дээ.”

“Хүн бүхэн сайн хань ижилтэй учраад байдаггүй. Эмэгтэй хүний хувьд ханиа зөв сонгож суух нь маш чухал хэрэг л дээ. Харамсалтай нь эрэгтэй нь эмэгтэйчүүдийг лангуун дээр өрчихсөн бараа шиг чөлөөтэй сонгодог. Гэтэл эмэгтэй хүнд ийм боломж “байдаггүй”. Яагаад байдаггүй вэ гэвэл энэ нь ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө өрж тавьсан бараа гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаад л гол нь байдаг. Олны хэл амнаас, эсвэл юунаас ч юм ямар нэгэн зүйлээс болж өөрийгөө хүлчихдэг. Миний хувьд сайн ханьтай “учирч”, бас “сонгох” нь чухал байна даа. Энэ л миний мөрөөдөл.”

“Хүсэх нэг хэрэг. Мөрөөдөх нэг хэрэг. Үр дүн биш зүгээр л хийсвэрлэн бодож мөрөөсөх нь бий. Ингэх үедээ юунд ч хүрч болно, авч болно. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Аа харин тодорхой алхам, зорилт тавиад хүрэх гэж тэмүүлэх нь бий. Нэг зүйл хэлэхэд үнэндээ бидний хүсэл гээд гарт баригддаггүй хөдөлгөгч түлхүүр маань зорилт болон мөрөөдлийг тодорхойлдог юм шүү дээ. Энэ энгийн зүйлийг хүмүүс томруулан боддог.”

“Хийсвэр мөрөөдөл гэж бас байдаг шүү дээ. Жишээ нь далавчтай бол нисэх, шидэт дохиуртай бол тэгэх байсан гэх мэт цааш нь дурьдаж болно. Харин бодитой хүрэхийг хүсээд байгаа зүйлийг бас мөрөөдөл гээд байдаг. Баян болох, алдартай болох, тийм юм авах, тийм газраар аялах, тийм зүйл бүтээх гээд л. Үүнээс жижигхэн нь ч бий. Гэтэл үнэндээ ялгаа юу байна аа?”
“Хамгийн агуу зүйл мэт боловч, хамгийн энгийн л зүйл шүү дээ.”

No comments:

Post a Comment